Эмчид үзүүлэхээс өмнөх дагавал зохих зөвөлгөө

Монгол Төвд эмнэлэгийн эмч нарын үзлэг хийхдээ гол хэрэглэдэг оншилгооны арга бол судас барих, шээс үзэх шинжилгээ билээ. Тиймээс эмчид ирж үзүүлэхээс өмнө судал шээсний тань чанарыг өөрчилж хувиргах хоол унд, явдал мөрийг аль болохоор цээрлэж чавал таны эмчилгээнд тодорхой эерэг үр дүнг үзүүлэх болно. Тиймээс доорхи зөвөлгөөг манай эмч нарт үзүүлэх бүртээ мөрдөж байвал та бидний эмчилгээ оншилгооны үр дүнд сайнаар нөлөөлөх болно.

Үзүүлэхээс 24 цагийн өмнө:
Архи дарс
Витамин
Улаан манжин
Өтгөн цай, кофее
Шокалад
Биеийн хүчний ажил, дасгал хөдөлгөөн
Бэлгийн харьцаанд орох
Эрдэнийн үрэл уух зэргийг хориглоно.

Үзүүлэх өдөр:
Өглөө эрт 10 цагаас өмнө үзүүлэх бол өлөн ирж болно.
Өдөр болон үдээс хойш үзүүлэх бол аль болохоор хөнгөн хоол унд хэрэглэхийг зөвлөе. Эдгээр нь таны судасны лугшилт болон шээсний өнгө, үнэр зэрэгт нөлөөлсөний улмаас судал шээсний оншилгоо буруу гарах талтай байдагыг анхаарна уу.
Мөн түүчлэн хумсны будаг, уруулын будаг, үнэртэй ус зэрэг хурц үнэртэй зүйлс хэрэглэлгүйгээр ирж үзүүлвэл сайн байдаг.
Урьд нь ууж байсан уламжлалт эм тангийн тань нэр бүхий бичиг цаас байвал түүнийгээ авчирах хэрэгтэй.

Шээсээ шинжилгээнд авчирах заавар:
Төвд эмнэлэгийн үүднээс шээс бол биеийн аливаа өөрчлөлтийн харах тольтой зүүрлэн үзүүлсэн байдаг тул та бүхэн өглөөнийхөө өлөн шээсээ эмчид шинжлүүлэхээр авчирвал сайн байдаг. Шээсний өнгө, үнэр, өтгөн шингэн байдал, хөөс зэрэг нь хий шар бадган зэрэг гурван махбодын өөрчлөл болон ялангуяа таны зураан сав эрхтэнд ямар өөрчлөлт байгааг илрүүлэхэд оншилгооны чухал ач холбогдолтой байдаг.

Хуурай, цэвэр шилэн саванд өглөөний шээснийхээ дундаас авч хийх хэрэгтэй. Авсан дээжээ асгарахгүйгээр сайтар таглаад гялгар уутанд давхар хийхийг зөвлөж байна. Шөнө дахин дахин шээдэг хүн бол өглөө 5 цагаас хойш шээсэн шээсээ аваарай. 
ХӨРГӨГЧИНД ХИЙЖ БОЛОХГҮЙ. Шээсээ хүргэх гэж илүү шингэн уух хэрэггүй, байгаа шээсээ авчирахад хангалттай боловч дээр зөвөлсөн зааварыг заавал мөрдөх хэрэгтэйг анхаарна уу.

Эмчид шээсний дээжээ үзүүлсний дараа савтай шээсээ авч гарахаа мартуузай. Энэ нь нэг талаас эмчийн ажилыг хөнгөвчлөх, нөгөө талаас ариун цэвэрийн талд бидэнд амар хялбар байдаг тул хүлцэл өчье.