ЗӨВӨЛГӨӨ


Сарын тэмдэг зогсохыг өөр өнцөгөөс харахуй
40-50 насныхаа үед эмэгтэйчүүд биемахбол болон сэтгэл санааны хувьд “өөрчлөлт”-ийг мэдэрч эхэлдэг. Олон эмэгтэйчүүд энэ өөрчлөлтийг хянахын тулд гормоноор орлуулах эмчилгээнд ордог билээ. Гэвч АНУ-ын Үндэсний Эрүүл Мэндийн Хүрээлэнгийн Women’s Health Initiative судалгааны хүрээнд хийсэн сүүлийн үеийн судалгаагаар эдгээр гормоны эмчилгээ нь зүрхний өвчин, умайгаас цус алдах, хөх болон умайн хавдар зэрэг өвчинд өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг болох нь батлагдсан байна. Тиймээс эмэгтэйчүүд менопаузын шинж тэмдэгийг зохицуулах элдэвийн сөрөг гаж нөлөөгүй өөр арга замуудыг хайх болсон байна.
Энд Төвд Монголын уламжлал анагаах ухаанд менопаузыг хэрхэн үздэг, түүнээс урьдчилан сэргийлэх, эмчилэх арга зам болон уламжлалт Монгол аргаар хэрхэн яаж зохицуулдаг аргын тухай та бүхэнтэй хуваалцая.
Менопаузын үед гарч байгаа шинж тэмдэгийг ажиглах юм бол энэ нь Төвд эмнэлэгийн сударуудад гардаг “хий бүрэлдэх” хэмээх өвчинтэй нилээд дөхөж очдог бөгөөд "хий бүрэлдэх" гэдэг маань эмэгтэйчүүдэд хий махбод аривдсанаас үүсэлтэйгээр бие махбодод гардаг өөрчлөлийн нэг билээ. Уламжлалт анагаах ухааны сударуудад хүн энэ ертөнцөд эмэгтэй хүний биеийг олсон төрөлийг авахдаа өөрийн бэлэг хүйсийн онцлогоос хамааран эрэгтэй хүнд байхгүй өвчнүүдэд өртдөгийн нэг нь энэ өвчин юм. Хий махбод хямран эмэгтэй хүний үржилийн эрхтэнд нөлөөлсөнөөс үүсэх эмгэг өөрчлөлтийг “хий бүрэлдэх” гэж авч үздэг бөгөөд үүнд үүсгэгч хэд хэдэн нөхцөлүүдийг тэмдэглэсэн байдгийн нэг нь нас ахихыг даган бие махбодод гарах өөрчлөлт билээ. Уламжлалт анагаах ухааны онолын дагуу хүний наслалтын үе шатыг хүүхэд, идэр залуу, хөгшин гэсэн гурван үндсэн үе шатанд хуваан авч тэдгээр тус бүрийг бадган, шар, хий махбодтой холбон авч үздэг. Уламжлалт анагаах ухааны сударт хүн нялх балчир цагтаа ихэнхдээ унтаж, өсөж бойжих үе шатаа өнгөрөөдөг энэ үеийг шороо усан махбодтой бадганы үе гэдэг бол залуу насыг ид торниж гүйцсэн "гал халуун" идэр нас учраас гал махбодтой шарын үе гэж үздэг. Нас ахихын хирээр бидний эд эс маань байгалийн жамаар хөгширөн доройтож хий махбод дийлэх болдог учраас хийн үе гэдэг. Хөгширсөн хүнийг “гал цог нь буусан” гэдэг хууччуулын үг маань гормоны өөрчлөлтийг хэлээд байгаа юм. Менопаузын өөрчлөлтийн өөр нэг шалтгаан бол эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудал болон сарын тэмдэгийн алдагдалыг эрт үед нь засалгүй удаасанаас өвчин нь хуучирч архагшаад хий бүрэлдэх гэмийг үүсгэдэг.
Хий бүрэлдэх өвчин толгой, зүрх, бөөр, ходоод, гэдэс, ясанд хий бүрэлдсэн гэсэн зургаан үндсэн хэлбэртэй байдаг бөгөөд шижээлбэл ясанд хий бүрэлдсэн өвчин яс сийрэгших өвчинтэй хамааралтай байдаг. Төвд анагаах ухааны онолын үүндээс яс бол хийн орших орон, гүйх мөр нь болдог. Ясанд очих шим тэжээл дутагдах юм бол яс хуурайшин хэврэг болж амархан хугарамтгай болдог. Ясны шинжилгээгээр ясны эд эсийн сийрэгшиж хэврэг болсон нь ажиглагддаг билээ. Энэ нь ясанд хий махбод аривдаж илүүдсэний шинж болно. Орчин үеийн анагаах ухаанаар бол яс сийрэгшихийг менопаузын дараахи өвчлөл гэж үздэг бөгөөд эмэгтэйчүүд үүнд нэрвэгдэх нь элбэг байдаг.
Менопаузын үед гардаг мартамхай болох, уур уцаартай, гомдомтгой болох, сэтгэлээ барьж дийлдэхгүй болох, оюун санаа тогтворгүй болох зэрэг сэтгэл санааны өөрчлөлтүүд уламжлалт төвд монгол анагаах ухааны хий бүрэлдэх өвчний үед гарах хий хямарч аривдсаны сонгодог шинж тэмдэгүүдийн жишээ болдог. Тэдгээр шинж тэмдэгүүд бол ихэнхдээ бие махбодод хэрэгцээтэй шим тэжээлийг хангалттайгаар аваагүйтэй холбоотойгоор гардаг бөгөөд тэжээллэг хүнд чанартай бодисын дутагдал биед хөнгөн чанартай хийг үүсгэж, тэр нь хийсвэрээр авч үзэх юм бол энэ нь бидний сэтгэл оюуныг гадаргуугаас нь хөвүүлэн хөөргөж доош буулгахгүй тогтворгүй төлөв байдалд оруулдаг.
Тийм учраас хий бүрэлдэхээс урьдчлан сэргийлэх, эмчилгээний арга нь хийг тэнцвэржүүлэх уламжлалт бариа засал, хийн бэлчирүүдэд тосон төөнүүр тавих, бүлээн тослог чанартай эм, идээ ундааг хэрэглэх хэрэгтэй болдог. Сарын тэмдэг зогсох үед халуун оргих, хөлрөмтгий болох зэрэг шинж тэмдэгийг үндэслээд зарим эмч нар үүнийг халуун өвчин, хийн засал таарахгүй гэж буруугаар үздэг. Гэвч онолын талаас авч үзэх юм бол шороо усан махбод (шим тэжээл) дутагдсанаас болж аривдсан хий шарын халууныг үлээсэнээс болж дээрх шинж тэмдэгүүд үүснэ гэж тайлбарладаг. Тиймээс халууныг дарахын тулд хүйтэн чанартай зүйлсийг хэрэглэх юм бол хийг улам л аривжуулах нь ойлгомжтой билээ. Тиймээс халуун бүлээн чанартай эмчилгээг гадар дотор аль алинаар хэрэглэх хэрэгтэй бөгөөд шим тэжээл сайтай цагаан идээний зүйлсийг чухалчлан авч үзсэн байдаг.
Энд бид яс сийрэгших болон сарын тэмдэгийн зогсолтоос гарах өөрчлөлтүүдэд тус болох уламжлалт монгол жорыг танилцууля.
Найрлага:
Богино сүүлний ёс 1 бүхэл
Тойгны яс 2 бүхэл
Борвины яс 2 бүхэл
Цагаан гаа амт оруулах
Хар перец амт оруулах
Сармис 1 хумс
Улаан давс эсвэл жамц давс амт оруулах
Богино сүүл, тойг, борвины яс хонины яс байх хэрэгтэй бөгөөд эдгээр ясыг гурван шимт яс гэдэг. Яс болон амтлагчаа 200 мл усанд хийж буцалгаад бага галаар сайтар шөлийг нь гаргасаны дараа халуунаар нь ууж хэрэглэнэ. Өдөрт нэг удаа уухад болно. Шөлийг халуунаар нь уух хэрэгтэй, цусны даралт өндөр хүмүүс зохих эсэхээ үзэн байж хэрэглэх хэрэгтэй.
Сүүлийн үед цагаан хоолтон олон болсон учраас энэ жорон дахь ясны оронд хатаасан халгай хийгээд бага зэрэг шар тос нэмэхэд болно.