Эрдэний үрэл уух заавар


ЭРДЭНИЙН ҮРЭЛ ХҮРТЭХ ЗААВАР

Өмнө бэлтгэл: Эм уухын урьд орой эрдэнийн үрлийг гэрэл үзүүлэлгүйгээр харанхуйд задлаад хагархай эмтэрхийгүй цэвэр цагаан шаазан аяганд үрэл далд орох хирийн буцалсан халуун усанд дэвтээгээд таглаж, цэвэр газар тавьж хонуулна.

Хүртэх арга: Маргааш өглөө үүрийн гэгээ орохоос өмнө босонгуут нүүр гар, шүд амаа угааж, Оточ бурханд залбиран тарнийг нь урин уншсаны дараа дэвтээсэн үрэл дээрээ халуун ус нэмж бүлээсгэнгүүтээ ядам хуруугаараа нухаад ууна. Уусны дараагаар сайтар хучаад унтах хэрэгтэй. Хэрвээ хөлөрвөл салхи авах, хүйтэн зүйл ууж идэхээс сэргийлэх хэрэгтэй.

Сахих гам: Үрэл хүртсэн өдөр махгүй цагаан хоол иднэ. Өндөг, сонгино, сармис, гахай, тахианы мах, даршилсан, исгэсэн, хуучирсан, шарсан хуурсан зүйлс, архи дарс, айраг зэргийг ууж идэхийг хориглоно. Даарч хөрөх, усанд орох, биеийн хүчний ажил, бэлгийн харьцаанд орох, өдөр унтахыг цээрлэх хэрэгтэй.  Энэ гамыг 3-7 хоног сахиж чадваас эмийн чадал илүү сайн гарах болно. 

Оточ Бурханы зүрхэн тарни: Ом намо багаватэ бэхазэ гүрү бэдүря брабха раазаяа татагадаяа архатэ самяагсам буддхаяа . Дадяата Ом бэхазэ бэхазэ мааха бэхазэ  бэхазэ раазаяа самүтгадэ суухаа.