ЭМНЭЛГИЙН ТАНИЛЦУУЛГА

Бакүла ринбүчийн БЭТҮВ ДАНЖАЙЧОЙНХОРЛИН хийдийн дэргэдэх НАЙДАН уламжлалт эмнэлэг нь 2002 онд бидний дунд “Элчин багш” хэмээх нэрээр алдаршсан Күшок Бакула Ринбүчи багшийн Монголын ард түмэн, сүсэгтэн олондоо Төвд-Монгол уламжлалт анагаах ухааны чанартай эм, эмнэлэгийн тусламж үйлчилгээг үзүүлэх хэмээсэн чин сэтгэлийн санаачлага дээр үндэслэн Англи улс дахь TIBET FOUNDATION байгууллагын тусламж дэмжлэгтэйгээр анх байгуулагдсан. Манай эмнэлгийн НАЙДАН гэдэг нэрийг Бакула ринбүчи багш өөрөө өгсөн бөгөөд энэ нь “Бат орших” гэсэн утгатай үг юм. Бакула ринбүчи багш өөрөө Бурхан шашны 16 найдангийн нэг Найдан Бакулагийн энэ цагт бидний дунд заларсан хувилгаан дүр тул өөрийн алдар нэрээс НАЙДАН хэмээх энэ нэрийг үйлчлүүлэгч олныхоо амь нас бат бэх, эрүүл энх оршихыг бэлгэдэж энэ нэрийг хайрласан билээ.


 Одоогийн байдлаар хоёр эмч, нэг эм зүйчтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Эмнэлэгийн дарга маарамба Д.Ганзориг нь Энэтхэг улсын Дхарамсала хот дахь 14-р Далай ламын Төвд Эмнэлэг Зурхайн Хүрээлэнгийн Төвд анагаах ухааны сургуулийг 2001 дүүргэсэн. 2008 онд Норвеги улсын Ослогийн Их Сургуульд магистерийн зэрэг хамгаалж, 2013 онд Дхарамсала дахь Төвд анагаах ухааны сургууль дээр маарамбын зэрэг хамгаалсан.

Эмч Ц. Бат-Эрдэнэ нь Оточ Манрамба сургуулийг 2001 онд дүүргэж, 2004 оныг хүртэл Энэтхэг улс дахь Бэрээвэн Гоман дацанд Буддын шашны философид суралцаж байгаад ирж тус эмнэлэгт ажиллаж байгаа. Одоогийн байдлаар ОХУ-ын Новосибирск хот дахь Наран эмнэлэгийн газарт гэрээгээр ажиллаж байгаа болно.

Эмч О.Отгончимэг нь Оточ Манрамба их сургуулийг 2015 онд Уламжлалт анагаах ухааны их эмч мэргэжлээр төгссөн. 2017 онлд ЭМШУИС-ийн Олон улсын Монгол анагаах ухааны сургуулийн зүү төөнө эмчилгээний резиденсийг дүүргээд тус эмнэлэгт ажиллаж байна.

Эм зүйч Г.Оюу-Номин нь 2012 онд ЭМШУИС-ийн эмзүйн ангийг төгсөөд тус эмнэлэгт ажиллаж байна.

Манай эмнэлэгт Төвд, Монгол уламжлалт анагаах ухааны үүднээс судас барьж оношлож,  120 орчим уламжлалт Монгол Төвд эм тангаар бүх төрлийн өвчнийг эмчилж үйлчилэхээс гадна хануур, төөнүүр, түрэм засал тэргүүтэн таван засал, бариа засал, зүү төөнө заслын үйлчилгээг үзүүлдэг.  

Манай эмнэлэгт ирж үзүүлэхээс өмнөх дагавал зохих зөвөлгөө

Монгол Төвд эмнэлэгийн эмч нарын үзлэг хийхдээ гол хэрэглэдэг оношлогооны арга нь судас барих, шээс үзэх шинжилгээ билээ. Тиймээс эмчид ирж үзүүлэхээс өмнө судал шээсний тань чанарыг өөрчилж хувиргах хоол унд, явдал мөрийг аль болохоор цээрлэж чадвал таны эмчилгээ оншилгоонд тодорхой эерэг үр дүнг үзүүлэх болно. Тиймээс доорхи зөвөлгөөг манай эмч нарт үзүүлэх бүртээ мөрдөж байвал та бидний эмчилгээ оншилгооны үр дүнд сайнаар нөлөөлөх болно.

Үзүүлэхээс 24 цагийн өмнө:
Архи дарс
Витамин
Улаан манжин
Өтгөн цай, кофее
Шокалад
Биеийн хүчний ажил, дасгал хөдөлгөөн
Бэлгийн харьцаанд орох
Эрдэнийн үрэл уух зэргийг хориглоно.

Үзүүлэх өдөр:
Өглөө эрт 10 цагаас өмнө үзүүлэх бол өлөн ирж болно.
Өдөр болон үдээс хойш үзүүлэх бол аль болохоор хөнгөн хоол унд хэрэглэхийг зөвлөе. Эдгээр нь таны судасны цохилт болон шээсний өнгө, үнэр зэрэгт нөлөөлсөний улмаас оншилгоо буруу гарах талтай байдагыг анхаарна уу.
Мөн түүчлэн хумсны будаг, уруулын будаг, үнэртэй ус зэрэг хурц үнэртэй зүйлс хэрэглэлгүйгээр ирж үзүүлвэл сайн байдаг.
Урьд нь ууж байсан уламжлалт эм тангийн тань нэр бүхий бичиг цаас байвал түүнийгээ авчирах хэрэгтэй.

Шээсээ шинжилгээнд авчирах заавар:
Төвд эмнэлэгийн үүднээс шээс бол биеийн аливаа өөрчлөлтийн харах тольтой зүйрлэн үзүүлсэн байдаг тул та бүхэн өглөөнийхөө өлөн шээсээ эмчид шинжлүүлэхээр авчирвал сайн байдаг. Шээсний өнгө, үнэр, өтгөн шингэн байдал, хөөс зэрэг нь хий шар бадган зэрэг гурван махбодын өөрчлөл болон ялангуяа таны зураан сав эрхтэнд ямар өөрчлөлт байгааг илрүүлэхэд оншилгооны чухал ач холбогдолтой байдаг.

Хуурай, цэвэр шилэн саванд өглөөний шээснийхээ дундаас авч хийх хэрэгтэй. Авсан дээжээ асгарахгүйгээр сайтар таглаад гялгар уутанд давхар хийхийг зөвлөж байна. Шөнө дахин дахин шээдэг хүн бол өглөө 5 цагаас хойш шээсэн шээсээ аваарай.
ХӨРГӨГЧИНД ХИЙЖ БОЛОХГҮЙ. Шээсээ хүргэх гэж илүү шингэн уух хэрэггүй, байгаа шээсээ авчирахад хангалттай боловч дээр зөвөлсөн зааварыг заавал мөрдөх хэрэгтэйг анхаарна уу.

Эмчид шээсний дээжээ үзүүлсний дараа савтай шээсээ авч гарахаа мартуузай. Энэ нь нэг талаас эмчийн ажилыг хөнгөвчлөх, нөгөө талаас ариун цэвэрийн талд бидэнд амар хялбар байдаг тул хүлцэл өчье.

Эрдэний үрэл уух заавар


ЭРДЭНИЙН ҮРЭЛ ХҮРТЭХ ЗААВАР

Өмнө бэлтгэл: Эм уухын урьд орой эрдэнийн үрлийг гэрэл үзүүлэлгүйгээр харанхуйд задлаад хагархай эмтэрхийгүй цэвэр цагаан шаазан аяганд үрэл далд орох хирийн буцалсан халуун усанд дэвтээгээд таглаж, цэвэр газар тавьж хонуулна.

Хүртэх арга: Маргааш өглөө үүрийн гэгээ орохоос өмнө босонгуут нүүр гар, шүд амаа угааж, Оточ бурханд залбиран тарнийг нь урин уншсаны дараа дэвтээсэн үрэл дээрээ халуун ус нэмж бүлээсгэнгүүтээ ядам хуруугаараа нухаад ууна. Уусны дараагаар сайтар хучаад унтах хэрэгтэй. Хэрвээ хөлөрвөл салхи авах, хүйтэн зүйл ууж идэхээс сэргийлэх хэрэгтэй.

Сахих гам: Үрэл хүртсэн өдөр махгүй цагаан хоол иднэ. Өндөг, сонгино, сармис, гахай, тахианы мах, даршилсан, исгэсэн, хуучирсан, шарсан хуурсан зүйлс, архи дарс, айраг зэргийг ууж идэхийг хориглоно. Даарч хөрөх, усанд орох, биеийн хүчний ажил, бэлгийн харьцаанд орох, өдөр унтахыг цээрлэх хэрэгтэй.  Энэ гамыг 3-7 хоног сахиж чадваас эмийн чадал илүү сайн гарах болно. 

Оточ Бурханы зүрхэн тарни: Ом намо багаватэ бэхазэ гүрү бэдүря брабха раазаяа татагадаяа архатэ самяагсам буддхаяа . Дадяата Ом бэхазэ бэхазэ мааха бэхазэ  бэхазэ раазаяа самүтгадэ суухаа.