ЭМНЭЛГИЙН ТАНИЛЦУУЛГА

Бакүла ринбүчийн БЭТҮВ ДАНЖАЙЧОЙНХОРЛИН хийдийн дэргэдэх НАЙДАН уламжлалт эмнэлэг нь 2002 онд бидний дунд “Элчин багш” хэмээх нэрээр алдаршсан Күшок Бакула Ринбүчи багшийн Монголын ард түмэн, сүсэгтэн олондоо Төвд-Монгол уламжлалт анагаах ухааны чанартай эм, эмнэлэгийн тусламж үйлчилгээг үзүүлэх хэмээсэн чин сэтгэлийн санаачлага дээр үндэслэн Англи улс дахь TIBET FOUNDATION байгууллагын тусламж дэмжлэгтэйгээр анх байгуулагдсан. Манай эмнэлгийн НАЙДАН гэдэг нэрийг Бакула ринбүчи багш өөрөө өгсөн бөгөөд энэ нь “Бат орших” гэсэн утгатай үг юм. Бакула ринбүчи багш өөрөө Бурхан шашны 16 найдангийн нэг Найдан Бакулагийн энэ цагт бидний дунд заларсан хувилгаан дүр тул өөрийн алдар нэрээс НАЙДАН хэмээх энэ нэрийг үйлчлүүлэгч олныхоо амь нас бат бэх, эрүүл энх оршихыг бэлгэдэж энэ нэрийг хайрласан билээ.


 Одоогийн байдлаар хоёр эмч, нэг эм зүйчтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Эмнэлэгийн дарга маарамба Д.Ганзориг нь Энэтхэг улсын Дхарамсала хот дахь 14-р Далай ламын Төвд Эмнэлэг Зурхайн Хүрээлэнгийн Төвд анагаах ухааны сургуулийг 2001 дүүргэсэн. 2008 онд Норвеги улсын Ослогийн Их Сургуульд магистерийн зэрэг хамгаалж, 2013 онд Дхарамсала дахь Төвд анагаах ухааны сургууль дээр маарамбын зэрэг хамгаалсан.

Эмч Ц. Бат-Эрдэнэ нь Оточ Манрамба сургуулийг 2001 онд дүүргэж, 2004 оныг хүртэл Энэтхэг улс дахь Бэрээвэн Гоман дацанд Буддын шашны философид суралцаж байгаад ирж тус эмнэлэгт ажиллаж байгаа. Одоогийн байдлаар ОХУ-ын Новосибирск хот дахь Наран эмнэлэгийн газарт гэрээгээр ажиллаж байгаа болно.

Эмч О.Отгончимэг нь Оточ Манрамба их сургуулийг 2015 онд Уламжлалт анагаах ухааны их эмч мэргэжлээр төгссөн. 2017 онлд ЭМШУИС-ийн Олон улсын Монгол анагаах ухааны сургуулийн зүү төөнө эмчилгээний резиденсийг дүүргээд тус эмнэлэгт ажиллаж байна.

Эм зүйч Г.Оюу-Номин нь 2012 онд ЭМШУИС-ийн эмзүйн ангийг төгсөөд тус эмнэлэгт ажиллаж байна.

Манай эмнэлэгт Төвд, Монгол уламжлалт анагаах ухааны үүднээс судас барьж оношлож,  120 орчим уламжлалт Монгол Төвд эм тангаар бүх төрлийн өвчнийг эмчилж үйлчилэхээс гадна хануур, төөнүүр, түрэм засал тэргүүтэн таван засал, бариа засал, зүү төөнө заслын үйлчилгээг үзүүлдэг.